Орхон аймаг өрсөлдөх чадварын үзүүлэлтээр тэргүүлж, Дундговь, Завхан, Говь-Алтай зэрэг аймаг сүүл мушгилаа
Нийтэлсэн огноо 2024-05-06 12:54
Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс "Аймгуудын өрсөлдөх чадварын тайлан-2023"-ыг танилцууллаа. Уг төв нь 2012 оноос хойш аймгуудын өрсөлдөх чадварын судалгааг жил бүр хийдэг бөгөөд үнэлгээг эдийн засгийн тамир тэнхээ, засаглалын үр ашиг, бизнесийн ашигт ажиллагаа, дэд бүтэц гэсэн дөрвөн үндсэн бүлгээр гаргадаг. Өрсөлдөх чадварын үнэлгээгээр Орхон аймаг энэ жил ахин тэргүүлсэн бол Дорноговь аймаг хоёрдугаарт орсон байна. Дархан-Уул, Өмнөговь, Говьсүмбэр аймгууд өмнөх жилүүдийн адил 3, 4, 5 дугаарт эрэмбэлэгджээ. Харин Дундговь, Завхан, Говь-Алтай зэрэг аймгууд хамгийн хойгуур эрэмбэлэгдсэн байна. 2023 онд нийт аймгуудын өрсөлдөх чадварын дундаж оноо 66.6 болж өмнөх оныхоос 1.6 оноогоор өссөн бөгөөд үүнд бизнесийн үр ашиг 17, эдийн засгийн тамир тэнхээ 8, дэд бүтцийн хөгжил 4, засаглалын үр ашиг 10 оноогоор тус тус өссөн нь нөлөөлжээ. Дөрвөн үндсэн бүлгээр авч үзвэл: - Эдийн засгийн тамир тэнхээгээр Дорноговь, Өмнөговь аймгууд тэргүүлж, Завхан, Дундговь аймгууд сүүлийн байранд орсон. - Засаглалын үр ашгаар Орхон, Дорноговь аймгууд тэргүүлж, Завхан, Дундговь аймгууд хамгийн бага үнэлгээтэй байв. - Бизнесийн үр ашгаар Дархан-Уул, Орхон аймгууд тэргүүлж, Булган, Говь-Алтай аймгууд сүүлд жагссан. - Дэд бүтцийн хөгжлөөр Орхон, Дорноговь аймгууд тэргүүлж, Говь-Алтай, Архангай аймгууд хамгийн бага оноо авсан байна.






