Хэтрүүлэн барьсан хашааг татуулж, зам тавихад бэлэн боллоо
Нийтэлсэн огноо 2024-04-27 00:00
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар Баянгол дүүргийн 29-р хороонд ажиллахдаа орон сууцны хотхонуудын голд орц гарц хааж, эзэмшлийн газраасаа хэтрүүлэн хашаа барьсан зөрчлийг арилгах үүрэг өгчээ. Баянгол дүүргийн газар зохион байгуулалтын алба, 29-р хорооны Засаг даргын ажлын алба хамтран эзэмшигчид шаардлага хүргүүлэн кадастрын зургийн дагуу хэтрүүлэн барьсан хашааг татуулах ажлыг эхлүүлжээ. Тухайн хашаа нь иргэн Н.Цогнямийн эзэмшлийн 15669м2 газар бөгөөд барилга барих зорилгоор хашаа хатгахдаа зөвшөөрөгдсөн хэмжээнээсээ уртааш 145м, өргөнөөр 4м хэтрүүлэн хашаалсан байна. Уг зөрчлийг арилгуулж, хашааг татуулах ажлыг зохион байгуулж байна. Хашааг татуулж, чөлөөлснөөр тухайн байршилд зам тавих боломж бүрдэх бөгөөд замын зураг бэлэн болсныг Нийслэлийн замын хөгжлийн газраас мэдэгджээ.



